“Улсын салбарын дотоод аудиторуудыг чадавхжуулах, олон улсын туршлага солилцох зөвлөгөөн” зохион байгуулагдлаа.

Төсвийн тухай хуулийн 69.2-т “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төсвийн ерөнхийлөн захирагчийн дотоод аудитын албыг үйл ажиллагааны стандарт, арга зүйн удирдлагаар хангана” гэж заасны дагуу, Монгол Улсын Сангийн яам, Азийн Хөгжлийн Банк (АХБ)-тай хамтран “Улсын салбарын дотоод аудиторуудыг чадавхжуулах, олон улсын туршлага солилцох зөвлөгөөн”-ийг 2025 оны 11 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Энэхүү сургалтад 17 яам, 21 аймаг, нийслэл болон 9 дүүргийн 108 дотоод аудитор танхимаар, цахимаар 153, нийт 261 дотоод аудиторууд хамрагдлаа.

Тус сургалтаар Монголын Үндэсний Дотоод Аудиторуудын Холбооны (МҮДАХ) Дэд дарга Т.Цэрэндаш 2025 оноос мөрдөгдөж эхэлсэн “Дотоод аудитын дэлхийн стандарт”-ын талаар, МҮДАХ-ыг хамтран үүсгэн байгуулагч П.Гантуул стандартуудыг ашиглах практик зөвлөмжүүдийг тус тус танилцуулсан. Түүнчлэн, Сангийн яамнаас Дотоод аудит, Санхүүгийн хяналт, шалгалт, үнэлгээний газрын дарга Ж.Цогтбаяр болон бусад албан хаагчид оролцож, дотоод аудитын салбарын тулгамдсан асуудал, ирээдүйн чиг хандлагын талаар мэдээлэл өгч ажиллалаа.

Олон улсын туршлага солилцох боломжийг олгох үүднээс Гүрж улсын Сангийн яамны мэргэжилтэн Жиулай Чкуасли өөрийн улсын дотоод аудитын салбарын тогтолцоо, шилдэг туршлагаас хуваалцсан бол AХБ-ны Санхүүгийн удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Кашиф Жамал Монгол улсад хэрэгжүүлж буй төслүүдэд дотоод аудитын ач холбогдлыг онцлон танилцуулсан болно.

Түүнчлэн, тус арга хэмжээнд АХБ-ны Санхүүгийн Удирдлагын Хэлтсийн захирал Рут Фаррант хүрэлцэн ирж, улсын салбарын дотоод аудиторуудын санал, хүсэлттэй танилцаж, цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл солилцсон болно.

Улсын Салбарын Дотоод Аудит