
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 05 сарын 29 өдөр Дугаар 237 Улаанбаатар хот
ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДИЙН ХООЛНЫ ЗАРДЛЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Боловсролын ерөнхий хуулийн 24.1.7, 38.6-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны зардлыг 3000 (гурван мянга) төгрөгөөр, уртасгасан цагаар ажиллах цэцэрлэг болон уртасгасан цагаар ажиллах бүлэгт хамрагдаж байгаа хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нэг өдрийн хоолны зардлыг 4100 (дөрвөн мянга нэг зуун) төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоосугай.
2.Энэ тогтоолын 1-д заасан хоолны зардалтай холбогдон шаардагдах нэмэлт санхүүжилтийн эх үүсвэрийг 2024 оны батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэж, өр, авлага үүсгэхгүй байхаар зохион байгуулахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгасугай.
3.Цаашид цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг хоол, хүнснээс авбал зохих илчлэг, шим тэжээлийн хэмжээ, инфляцын түвшинтэй уялдуулан үе шаттай нэмэгдүүлэх арга хэмжээ авч, хоолны зардлын тодорхой хэсгийг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид хариуцуулах асуудлыг судалж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгасугай.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Хоолны зардлын норматив тогтоох тухай” Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 450 дугаар тогтоолын 1 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
5.Энэ тогтоолыг 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН