You are currently viewing ЧАДАМЖИЙГ ОНОШЛОХ СУДАЛГАА МАРГААШ ОРОН ДАЯАР БОЛНО

ЧАДАМЖИЙГ ОНОШЛОХ СУДАЛГАА МАРГААШ ОРОН ДАЯАР БОЛНО

Төрийн захиргааны албан хаагчийн чадамжийг оношлох судалгааг 2026 оны 01 сарын 23-ны баасан гарагт орон даяар цахим хэлбэрээр зохион байгуулна. Судалгаанд оролцогч судалгаа бөглөх холбоосоор нэвтэрч, 30 асуултыг 60 минутын хугацаанд бөглөж, илгээх бөгөөд холбогдох мэдээлэл, зааврыг бэлтгэж, төрийн байгууллагуудад хүргүүлээд байна.

Төрийн албан хаагчийн чадамжийг оношлох энэхүү судалгаа нь шалгалт биш тул урьдчилан бэлдэх шаардлагагүй.

Төрийн албан хаагчийн чадамжийн хүрээг 2025 онд шинэчлэн баталсантай холбогдуулан төрийн захиргааны албан хаагчдын мэдлэг, ур чадвар, хандлага, чадамжийг судлах, чадамжийн хэрэгцээнд суурилсан сургалт, хөгжлийн бодлогыг сайжруулах, хүний нөөцийн төлөвлөлтөд ашиглах үндэслэл бүхий мэдээллийг бүрдүүлж, дүн шинжилгээ хийх зорилготой судалгаа юм.

Судалгаа, оношилгооны зохион байгуулалтад дараах зүйлсийг зөвлөн анхааруулж байна. Үүнд:

❗️ Энэ удаагийн судалгаанд зөвхөн төрийн захиргааны албан хаагчид оролцоно. Төрийн үйлчилгээ, төрийн тусгай, төрийн улс төрийн албан хаагчийн судалгааг үе шаттай зохион байгуулна.

❗️ Хувь хүний тайланг төрийн албан хаагчийн портал системээр зөвхөн өөрт нь хүргүүлнэ. Хувь хүний судалгаа, оношилгооны үр дүнг байгууллагын удирдлагад мэдээлэхгүй.

❗️ Судалгаа, оношилгоог компьютер, эсхүл гар утсаараа бөглөх боломжтой.

❗️ Товлосон хугацаанаас урьдчилан бөглөх, эсхүл хуваарьт цаг дууссаны дараа нөхөн бөглөх боломжгүй тул хуваарьт цагтаа хамрагдах шаардлагатай.

❗️Ажил үүргээ гүйцэтгэж байгаа ажлын байран дээрээсээ, эсхүл албан томилолтоор ажиллаж байгаа, чөлөөтэй бол байгаа газраасаа бөглөж, илгээх боломжтой.

❗️ Судалгаа нь түшмэлийн ангиллаараа ялгаатай агуулгатай тул удирдах, гүйцэтгэх албан тушаалын төрлөөр тэргүүн, эрхэлсэн, ахлах, дэс, туслах түшмэлийн ангиллаар үүсгэсэн холбоос, QR кодыг зөв сонгож, өөрийгөө шударгаар сорих, үнэлэх зорилгоор бөглөх шаардлагатай.

❗️ Төрийн байгууллага, түүний удирдах албан тушаалтан зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж, бусад албан хаагчдыг ажлын байранд түр сэлгэх, завсарлага авхуулах, өөр үйл ажиллагаа давхцуулахгүй, төрийн захиргааны албан хаагчдаа бүрэн хамруулах, техник, хэрэгсэл, байр танхимын боломжит нөхцөлөөр хангах, цахилгаан, интернэтийн сүлжээ тасрах эрсдэлээс сэргийлж, бэлэн байдлыг хангах (тог, сүлжээ баригч)-д анхаарч ажиллахыг зөвлөж байна.

❗️ Судалгааны үр дүнтэй холбоотой хувь хүний мэдээллийн нууцлалыг хангаж, зөвхөн улсын хэмжээний нэгдсэн хэлбэрээр мэдээлнэ.

СУДАЛГАА, ОНОШИЛГООНД ОРОЛЦОХ ЦАГИЙН ХУВААРЬ:

Улсын хэмжээнд доорх хуваарийн дагуу Улаанбаатарын цагаар нэгэн зэрэг эхэлнэ.

🕙 I ээлж (Удирдах албан тушаалтан: тэргүүн, эрхэлсэн түшмэл. 10:00-11:00 цагт)

🕛II ээлж (Удирдах албан тушаалтан: ахлах, дэс түшмэл. 12:00-13:00 цагт)

🕒III ээлж (Гүйцэтгэх албан тушаалтан: тэргүүн, эрхэлсэн, ахлах, дэс, туслах түшмэл. 15:00-16:00 цагт)