Монгол Улсын Засгийн Газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 327 дугаар тогтоолоор Төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, орон нутагт төсвийн эрхийг шилжүүлж байгаатай холбогдуулан улс, орон нутгийн төсөв, санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх, хариуцлагатай хяналтын тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын санхүүгийн хяналт, шалгалтын чиг үүргийг Сангийн яаманд, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын санхүүгийн хяналт, шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлдэг санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчдыг аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд тус тус шилжүүлэхээр шийдвэрлэсэн.
Дархан-Уул аймгийн Засаг даргын 2014 оны 466 дугаар захирамжаар Санхүүгийн хяналт, аудитын албыг 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн байгуулж, албаны бүтцийг 7 орон тоогоор, дүрмийг тус тус баталсан.
Засгийн газрын 2021 оны 377 дугаар тогтоолоор тус албыг “Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба” болгон өөрчлөн баталсан ба аймгийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 01-А/153 дугаар захирамжаар бүтэц орон тоо, дүрмийг шинэчилж баталсан.
АЛБАНЫ ЧИГ ҮҮРЭГ
Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба нь хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төрийн болон орон нутгийн өмч, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт шалгалт хийх, үнэлэлт дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага бөгөөд аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг юм.
ҮНДСЭН ЧИГЛЭЛ
Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны үйл ажиллагаа нь дараахь чиглэлтэй байна.
1. Дотоод аудитын чиглэлээр:
1.1 хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт, гэрээг мөрдөж байгаа байдал, хэрэгжилтийн хяналтыг байгууллагын дотоод хяналт болон засаглалд аудит хийх
1.2 төрийн болон орон нутгийн өмчийн ашиглалт, бүртгэл, зарцуулалт, хадгалалт, хамгаалалтад хяналт тавих
1.3 эрсдэлийн удирдлагын тогтолцооны үр ашигтай байдалд аудит хийх
1.4 орон нутгийн төрийн сангийн үйл ажиллагаанд аудит хийх
1.5 төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж байгаа хөтөлбөр, төсөл, арга хэмжээний зарцуулалт, үр ашигтай байдал;
1.6 төсвийн ерөнхийлөн захирагчийн шийдвэрээр тусгайлан явуулах аудит
1.7 холбогдох стандартын хүрээнд тодорхойлсон бусад аудит
2. Санхүүгийн хяналт шалгалтын чиглэлээр:
2.1 төсөв, санхүүгийн холбогдолтой хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон түүнийг үндэслэн төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас гаргасан дүрэм, журам, заавар, стандарт, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих;
2.2 төсвийн буюу төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагын өглөг, авлагын байдалд хяналт тавих;
2.3 тухайн байгууллагын орлогын төлөвлөлт, төвлөрүүлэлт, төсвийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих;
2.4 Засгийн газрын тусгай зориулалтын сан, төсвөөс олгосон санхүүгийн тусламж дэмжлэг, эргэж төлөгдөх нөхцөлөөр ашиглуулж байгаа төсвийн хөрөнгө, олон улсын байгууллага, гадаад орны Засгийн газар, байгууллага, иргэдээс олгосон зээл, өгсөн хандив, тусламж, тэдгээртэй адилтгах хөрөнгийн ашиглалт, зарцуулалтад хяналт тавих;
2.5 Төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилт, зарцуулалт, түүний үр ашгийн байдалд хяналт тавих;
2.6 Анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, санхүүгийн тайланд хяналт тавих
Түүхэн замнал
1930 оны 3 дугаар сарын 9 ны өдөр хуралдсан Монгол улсын Засгийн газрын 11 дүгээр хуралдаанаар санхүү ба орлого, зарлагын явдалд хатуу чанга сахилга бат тогтоох…санхүүгийн сахилга батыг зөрчсөн этгээдийг шүүн таслах газар шилжүүлэх үүрэг бүхий санхүүгийн хяналт, шалгалтын алба байгуулахаар шийдвэрлэсний дагуу Сангийн яамны дэргэд Санхүүгийн хянан байцаах алба 1930 онд байгуулагдан ажиллаж эхэлсэн байна.
1936 оны 10 дугаар сарын 10-нд Сайд нарын зөвлөлийн 44 дүгээр хурлаас Сангийн яамны дүрмийг шинэчлэн 4 үндсэн нэгжтэй, дэргэдэх хэд хэдэн комисстой байхаар баталсны үндсэн нэгжийн 2 дугаарт Улсын санхүүг хянан байцаах газар гэж заажээ.
1978 оны 8 дугаар сарын 31-ны өдрийн Сайд нарын зөвлөлийн 273 дугаар тогтоолоор Сангийн яамны бүтцийг өөрчлөн баталж, 5 газар, 4 хэлтэс, 2 тасагтай байхаар тогтоосоны нэг нь Улсын санхүүгийн хянан байцаах газар байв.
1990 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Сангийн сайдын тушаалаар Сангийн яамны бүтцийг батлахдаа татварын улсын алба байгуулж, санхүүгийн хянан байцаах газрыг татан буулгажээ.
1991 оны 8 дугаар сарын 23-нд Засгийн газрын 248 дугаар тогтоол гарч Сангийн яаманд Санхүүгийн хяналт шалгалтын алба ажиллуулах шийдвэр гарсаны дараа сөн оны 9 дүгээр сараас эхлэн тус алба дахин байгуулагджээ.
1996 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Монгол Улсын Их Хурлын 40 дүгээр тогтоолоор Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлаг Санхүүгийн улсын хяналт, шалгалтын газрыг бий болгосон байна.
1996 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Засгийн газрын “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 264 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй хэрэгжүүлэгч агентлаг Санхүүгийн хяналт шалгалтын алба ажиллуулахаар тогтоосон байна.
Үүний дагуу Дархан хотод Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт шалгалтын алба 1996 онд байгуулагджээ.
Тус алба нь дарга, санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч 5, нярав, нягтлан бодогч, жолооч гэсэн орон тоотойгоор ажиллаж байсан ба албаны даргаар Ч.Цэндсүрэн 2000 оны 11 сар хүртэл ажилласан.


2002 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн Монгол Улсын Их Хурлын 58 дугаар тогтоол, 2002 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Засгийн газрын 162 тогтоолоор Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх Засгийн газрын тохируулагч агентлаг Улсын Мэргэжлийн Хяналтын Газар байгуулагдсаны дагуу Санхүүгийн хяналт шалгалтын албыг татан буулган Санхүүгийн хяналт шалгалтын албыг татан буулгасан.
2003 оны 01 дүгээр сард Санхүү, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтэс нэртэйгээр Дархан-Уул аймгийн Мэргэжлийн Хяналтын газартай нэгтгэсэн билээ. Хэлтсийн даргаар Б.Жаргалсайхан /2000.11-2008.09/, Б.Баасанжаргал /2008.09-2014.11/ нар ажилласан.


Засгийн газрын 327 дугаар тогтоолын дагуу 2014 оны 11 сарын 11-нээс Санхүүгийн хяналт, аудитын алба нэртэй агентлаг болсон ба албаны даргаар Б.Баасанжаргал 2021 оны 02 сар хүртэл, 2021.02-2021.11 сар хүртэл Б.Лхамхүү нар ажилласан.
Засгийн газрын 2021 оны 12 сарын 14-ний өдрийн 377 дугаар тогтоолоор тус алба Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба болон өөрчлөгдөж, албаны даргаар 2021.11 сараас Л.Дагийсүрэн ажиллаж байна.
